АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 10, 16 дугаар зүйлийн 3, 21 дүгээр зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 6, 7 , 36 дугаар зүйлийн 12,13 дахь хэсэг, 51 дүгээр зүйл, 181 дүгээр зүйлийг тус тус нэмсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

"3/ сонгуулийн хорооны гишүүн тус хороонд ажилласан хугацааны хөлс, сонгуулийн хорооны бүрэлдэхүүний сонгуулийн өдрийн хоолны зардал;"

2/ 9 дүгээр зүйлийн 4 хэсгийн 10 дахь заалт:

"10/ энэ хуулийн 23 дугаар зүйлийн 6,7 дахь хэсгийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон, мөн зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах; "

3/ 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангана:

1/ банкны зээл, түүний батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй;

2/ял шийтгэлгүй."

4/ 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг :

"3. Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш нэр дэвшигч нэрээ татахыг хориглоно."

5/ 23 дугаар зүйлийн 6,7 дахь хэсэг:

"6.Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, нам, эвсэл, талархан дэмжигч этгээд санал худалдаж авах, сонгогчдыг татах зорилгоор тэдэнд төлбөртэй болон үнэ төлбөргүйгээр бараа тараах, шагнал, урамшуулал, тусламж олгох, дайллага хийх, урлаг, спорт, ахуйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сонгуульд үл хамаарах ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно.

7.Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, бусад этгээд нь сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэх буюу сонгуулийн хороо, түүний гишүүнээс үүргээ гүйцэтгэхэд нь санаатайгаар саад хийх, сонгуульд оролцохоос татгалзахыг нийтэд уриалах, сүсэг бишрэлийг далимдуулах, санал тоолох ажлыг зориуд саатуулах, сонгогч бусдын нэрийн өмнөөс сонгуульд оролцохыг хориглоно."

6/ 36 дугаар зүйлийн 12,13 дахь хэсэг:

"12. Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн этгээд саналын хуудсыг дахин хэвлэхэд гарах зардлыг бүрэн хариуцна.

13.Сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгуулийн хугацаанд энэ хуулийн 23 дугаар зүйлийн 6,7 дахь хэсэг болон бусад хууль тогтоомж зөрчсөн, банкны зээл, түүний батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй, мөн ял шийтгэлтэй нь нотлогдсон бол тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний төлөөлөгчийн бүрэн эрхийг зогсооно."

7/ 51 дүгээр зүйл:

" 51 дүгээр зүйл. Сонгуулийн тойрог, түүнийг байгуулах

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгоход хүн амын тоог харгалзан тойрог бүр нэг мандаттай байхаар тооцож тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 18-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн тойрог байгуулна.

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтооно."

8/ 181 дүгээр зүйл:

"181 дүгээр зүйл. Нэр дэвшигч барьцаа өгөх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч бүр 10000, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч бүр 5000 төгрөгийг аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хороонд барьцаа болгон өгнө.

2.Нам, эвслээс нэр дэвшигчийн барьцааны мөнгийг тухайн нам, эвсэл нь, харин бие даан нэр дэвшигч барьцааны мөнгөө өөрөө хариуцна.

3.Нэр дэвшигч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдвол барьцааг эгүүлэн олгоно. Барьцааны үлдсэн мөнгийг орон нутгийн төсөвт оруулна."

2 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 хэсгийн 2-т "удирдах" гэсний дараа ", шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах"; 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "жагсаалтыг сонгуулийн" гэсний дараа "тойрог,"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний" гэсний дараа "үнэмлэх,"; 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "бүртгэгдсэн" гэсний дараа "тухайн"; мөн зүйлийн 3 дахь хэсгийн "тухайн" гэсний дараа "тойрогт сонгогдох"; 28 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгийн "иргэний" гэсний дараа "үнэмлэх,"; мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Эсхүл тусгайлан тэмдэг тавьж болно."; 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "тухайн" болон "тоог сонгуулийн" гэсний дараа "тойрог," гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 27 дугаар зүйлийн 3,4; 29 дүгээр зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт; 35 дугаар зүйлийн 1, 2; 36 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгийг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2. Нам, эвслийн тухайн шатны засаг захиргааны нэгжийн салбар байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд тойрог тус бүрийн мандатын тоогоор нэр дэвшүүлнэ."

2/ 27 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг:

"3.Саналын хуудсыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тус тусад нь хэвлэнэ.

4.Саналын хуудсанд дугаар, нэр дэвшигчдийн овог, нэр нам, эвслийн харьяаллыг бичнэ. Нэр дэвшигчдийн дарааллыг нэр дэвшүүлсэн нам, эвслийн Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар тогтооно. Эвслийг дараалалд оруулахдаа эвсэлд оролцогч намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар тогтооно."

3/ 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3. Сонгогч саналын хуудсыг авч санал бэлтгэх тасалгаанд орж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас тус бүр нэг нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлан тэмдэглээд саналын хайрцагт хийнэ."

4/ 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

"3/ энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийсэн нь аль нэгэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн нь тодорхойгүй бол."

5/ 35 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг:

"1.Сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нас барсан, чөлөөлөгдсөн, шилжсэн, бүрэн эрх нь зогсоогдсон бол тухайн тойрогт нөхөн сонгууль явуулна.

  1. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь нэг жил хүрэхгүй бол нөхөн сонгууль явуулахгүй."

6/ 36 дугаар зүйлийн 3,5 дахь хэсэг:

"3. Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн бол 50000 хүртэл төгрөгөөр торгоно.

5.Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн иргэнийг 40000-50000, нам, эвсэл, талархан дэмжигч этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгоно."

4 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "3/" гэсэн дугаарыг "4/" ; 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "30-аас " гэснийг "21-ээс "; 6 дугаар зүйлийн "25-аас " гэснийг "16-аас ", 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "25-аас" гэснийг "18-аас"; мөн зүйлийн 4 дэх хэсгийн "10/" гэсэн дугаарыг "11/"; 10 дугаар зүйл болон 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "20-иос" гэснийг "16-аас"; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "гуравны хоёроос доошгүй" гэснийг " олонхи"; 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "12-оос" гэснийг "8-аас"; 15 дугаар зүйлийн "санал авах өдрөөс" гэснийг "саналын хуудас хэсгийн хороонд очихоос"; 16 дугаар зүйлийн гарчгийг " Нэр дэвшүүлэх хугацаа, нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага"; мөн зүйлийн 1 дэх хэсгийн "7" гэснийг "4"; "10" гэснийг "5"; 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн " хуулиар тогтоосон" гэснийг "мандатын"; 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "17" гэснийг "13"; 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "15-аас" гэснийг "10-аас"; 22 дугаар зүйлийн "12" гэснийг "10"; 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "10-аас" гэснийг "6-аас", 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "сум, дүүрэг, баг, хороо" гэснийг "тойрог"; мөн зүйлийн 3 дахь хэсгийн "сум, дүүрэг, баг, хороонд" гэснийг "тойрогт"; 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-ийн "1, 3 дахь" гэснийг "1 дэх"; "30" гэснийг"14"; мөн хэсгийн 2-ийн "25-аас" гэснийг "12-оос", "20-иос" гэснийг "10-аас"; мөн хэсгийн 3-ийн "7" гэснийг"4", "10" гэснийг "3"; мөн хэсгийн 4-ийн "15" гэснийг "10", "10-аас" гэснийг "5-аас"; 36 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "50000 хүртэл" гэснийг "40000-60000"; мөн зүйлийн 6 дахь хэсгийн "гэм буруутай албан тушаалтан" гэснийг " гэм буруутай албан тушаалтанг 40000-60000"; мөн зүйлийн 7 дахь хэсгийн "10000" гэснийг "60000" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "хорооны гишүүний тус хороонд ажилласан хөлс, сонгуулийн"; мөн хэсгийн "3,"; 9,10,11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "нам, эвсэл"; 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө"; 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх төлөөлөгчид"; 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "нам, эвсэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн нам, эвслээс нэр дэвшигч, бие даан"; 32 дугаар зүйлийн 1 хэсгийн "болон нам, эвслийн төлөө өгсөн саналын тоог аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн нам, эвслээс буюу бие даан" гэснийг; мөн зүйлийн 3 дахь хэсгийн "нам, эвслээс буюу бие даан"; мөн хэсгийн "сум, дүүрэг, баг, хороог төлөөлөн"; мөн зүйлийн 8 дахь хэсгийн "нам, эвсэл болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн нам, эвслээс буюу бие даан"; 36 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5 дахь заалт, 2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 4-7, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2000 оны 9 дүгэр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ